Онцгой Байдлын Ерөнхий газар

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах
Нүүр Мэдээ мэдээлэл Газар хөдлөлтийн чиглэлээр олон улсын дасгал сургуульд оролцлоо

Газар хөдлөлтийн чиглэлээр олон улсын дасгал сургуульд оролцлоо

Хэвлэх PDF

АНУ-ын Аляск мужийн Анкораж хотноо 2010 оны 4 дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 1-ний хооронд газар хөдлөлтийн чиглэлээр зохион байгуулагдсан дасгал сургуульд Аляскын Үндэсний гвардын адъютант генерал, армийн хошууч генерал Т.Каткусын урилгаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

DSC03146_ok DSC03140_ok

Уг дасгал сургууль Аляск мужийн “Аляскын бамбай”, Үндэсний гвардын “Сонор сэрэмжтэй хамгаалалт”, Аляскын хамтарсан тусгай хүчний “Арктикийн хязгаар” дасгал сургуулиудаас бүрдэж холбооны болон мужийн хэмжээний 51 байгууллагын нийт 4600 гаруй хүнийг хамруулсан томоохон хэмжээний сургууль болсноороо онцлог байлаа.

Аляск муж нь галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, салхи, шуурга, үер, гал түймэр болон байгалийн бусад гамшигт өртөмтгий нутаг учраас олон нийтийг бэлтгэлтэй байлгах, онцгой байдлын хор уршгийг арилгах, мужийн болон орон нутгийн засаг захиргааны чадавх, мужийн зүгээс гаргасан хүсэлтийг холбооны засгийн газар цаг алдалгүй шийдвэрлэх боломж, бэлэн байдлыг шалгах зорилгоор энэхүү дасгал сургуулийг зохион байгуулсан байна.

Төлөөлөгчид Аляскын Үндэсний гвардын адъютант генерал, армийн хошууч генерал Т.Каткус, Аляскын Дотоодын аюулгүй байдал, онцгой байдлын газрын дарга Ж.Мадден болон албаны бусад хүмүүстэй уулзаж, муж улсын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй харилцаа, хамтын ажиллагаа болон дасгал сургуулийн талаар санал бодлоо солилцов.

Дасгал сургуулийн үеэр төлөөлөгчид онцгой байдлын удирдлагын төв, хамтарсан хүчний штабын үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ нисэх онгоцоор зөөвөрлөх боломжтой 70 тонны даацтай хөвөгч гүүр, богино хугацаанд угсрах боломжтой гүүрийн конструкц, 248 ор бүхий III зэргийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх Армийн 396 дугаар нөөц эмнэлэг, гамшгийн голомтод дэлгэж, 500 хүртэлх хүнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх 12 эмнэлгийн ажилтан бүхий Үндэсний гвардын агаарын хүчний эмнэлэг, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож буй холбооны, муж улсын болон холбогдох бусад байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоог хангах зөөврийн суурин холбооны радио систем, барилгын нуранги дахь аврах ажиллагаа, хорт бодисын ариутгал, халдваргүйжүүлэх үйл явц зэргийг үзэж сонирхсон.

Дасгал сургуулийн ажиллагаанд хамрагдсан Валдез хотноо очиж, онцгой байдлын удирдлагын төв, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэгүүдийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээгээр Аляск мужийн Анкораж хотын Газар хөдлөлтийн мониторингийн төвөөр орж, Газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангах комиссын дарга доктор Ж.Ахотай уулзаж ярилцлаа.

Аляск мужийн Анкораж хотноо зохион байгуулагдсан энэхүү дасгал сургууль нь Холбооны Онцгой байдлын газар, Холбооны Батлан хамгаалах газар, Үндэсний гвард, мужийн түвшний байгууллагууд, орон нутгийн засаг захиргааг гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд хүчээ нэгтгэх, нэгнийгээ дэмжин хамтран ажиллах боломжийг олгосон, гамшгийн бэлэн байдлыг шалгасан чухал үйл ажиллагаа боллоо.

2011 онд АНУ-ын Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн Экселленс төвтэй хамтран газар хөдлөлтийн чиглэлээр зохион байгуулах “Говийн чоно-2010”-ын бэлтгэл ажлыг хангахад холбогдох байгууллагуудыг өргөн хүрээтэй оролцуулах, газар хөдлөлтийн хор уршгийг арилгах үндэсний хэмжээний бэлэн байдлыг шалгах үйл ажиллагаа болгох саналтай байгаагаа илэрхийлэв.

 

 

Гадаад харилцааны хэлтэс

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг, 16:36