Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулах, орчин үеийн иж бүрэн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон машин, техникийг богино хугацаанд засварлах үүрэг бүхий “Засвар үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Онцгой байдлын алба байгуулагдсанаас хойш тус албыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл боломжоор хангах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хангахад чиглэсэн олон арга хэмжээг Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл нь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа авто баазын техникийн “Засвар үйлчилгээний төв”-ийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “..Онцгой байдлын албаны аврах, гал унтраах автотехник, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулах...” гэж заасны дагуу 2009-2010 оны хөрөнгө оруулалтаар уг барилгын засварын ажлыг гүйцэтгэн өнөөдөр байнгын ашиглалтад хүлээн авч байгаа юм.
Хүлээлгэн өгч байгаа автотехникийн засвар, үйлчилгээний энэхүү төвд өргөгч хөшүүрэг, дугуй задлаж, угсрах автомат төхөөрөмж, хий хураагуур, гар таль зэрэг 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий багаж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, моторчин, гагнуурчин, аккумуляторчин, автомеханикийн болон засвар, оношлогооны инженерийн өрөө, сэлбэгийн агуулах, сургалтын танхим зэрэг автомашин, өөрөө явагч хэрэгслийн засвар, үйлчилгээг хийхэд шаардагдах төрөл бүрийн мэргэжилтний ажиллах нөхцөл бололцоог хангаж өгсөн байгууламж юм.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд анхаарч 2010, 2011 онуудад Улаанбаатар хот болон Дорноговь аймагт аврах, гал унтраах 3 ангийн иж бүрэн цогцолбор барилгыг барихаар төлөвлөж байна.




