Монгол Улсын Шадар сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасны дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2010 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн орон нутгийн төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллагын харилцан ажиллагаа” сэдвээр астрономийн 48, оперативын 120 цагийн багтаамжтай, 3 үе шаттайгаар зохион байгууллаа.
Тус аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь аймгийн удирдлага, онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албадын дарга, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, гамшигтай тэмцэх ажлыг хамтран зохион байгуулах чадвар эзэмшүүлэхэд чиглэгдлээ.
“ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” дохиогоор аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг шалган үзлэг хийсэн бөгөөд 525 хүн, 45 техник хэрэгсэл оролцов.
Сургуулийн нэгдүгээр үе шат “Зарлан мэдээлэл, бэлэн байдлыг хангах ажиллагаа” сэдвээр аймгийн Онцгой комиссын гишүүд, албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний болзошгүй аюулын талаар эрт зарлан мэдээллийг дамжуулах, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, суурин болон хөдөлгөөнт удирдлагын байрыг бэлтгэх ажлыг зохион байгуулах зэрэг асуудлуудыг боловсруулав.
Сургуулийн хоёрдугаар үе шатыг “Нөхцөл байдлыг үнэлэх, шийдвэр гаргалт, гамшгийн хор уршгийг арилгах, хохирлын үнэлгээ хийх, орон нутгийн Онцгой комиссын ажиллагаа” сэдвээр зохион байгууллаа.
Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга комиссар Д.Намсрай, штабын даргаар Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга дээд ахмад Б.Ууганбаяр нар ажиллалаа.
Сургуулийн эхэнд гамшгаас хамгаалах албад хоорондын харилцан ажиллагаа, ажлын уялдаа сул, мэдээлэл солилцох, багаар ажиллах чадвар дутагдаж, үүссэн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх явдал орхигдож байлаа. Харин сургууль үргэлжлэх тутам онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албадын дарга нарын үүссэн нөхцөл байдлыг нарийвчилан үнэлэх, даргын шийдвэрт оруулах саналаа боловсруулах, шийдвэр гаргах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах тооцоо судалгаа аажмаар сайжирч бодит нөхцөлд ойртсон дүгнэлт гаргаж байсныг сургуулийг удирдагч тэмдэглэж байсан.

Сургуулийн бодлогын дагуу газар хөдлөлтийн улмаас үүссэн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хор уршгийг арилгах үзүүлэх сургууль, дадлагыг зохион байгуулсан. Үзүүлэх сургууль, дадлагад 10 гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Дархан сумын шуурхай команд, Онцгой байдлын газрын Гал унтраах 55 дугаар анги, шуурхай бүлэг 105-ын 242 хүн, 19 машин техник оролцов.
Мөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдийг хүлээн авах эмнэлгийн үйл ажиллагаа, цэцэрлэгийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх, хүлээн авах байр дэлгэх сургалт дадлагуудыг зохион байгуулахад Эрүүл мэндийн албаны 59 эмч, сувилагч, ажилчин, Хэв журам сахиулах албаны 40 албан хаагч, Дархан сумын шуурхай командын 25 идэвхтэн, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Анагаах ухааны коллежийн 122 багш, оюутан, 18 дугаар цэцэрлэгийн 20 багш, 184 хүүхэд, “Оюуны ирээдүй” цогцолборын 32 багш, ажилчид оролцож үүргээ сайн биелүүлсэн гэж дүгнэсэн.
Мөн сургуулийн үеэр дулааны станцын аваарын дадлага сургууль, мал эмнэлгийн хээрийн эмнэлгийг дэлгэн зохион байгуулав.
Сургуулийн удирдагч Шарын гол сумын гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, шуурхай командын үйл ажиллагаатай танилцаж, бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа.
Дархан-Уул аймагт явуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн удирдлагын идэвх санаачлага, богино хугацаанд өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар гаргасан зүтгэл, мэргэжлийн ангийн жигдрэлт, оролцоо, сургуулийн цагийн байдлаар өгөгдсөн газар хөдлөлтийн гамшгийн голомтод аврах ажлыг зохион байгуулах, нэрвэгдсэн хүмүүсийг хүлээн авах, эмчлэх, нэрвэгдэгсдийг дэлгэн байрлуулах, цэцэрлэгийн хүүхдүүдийн газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа, нүүлгэн шилжүүлэлт, Дулааны станцын аваарын ажиллагаа, Дархан сумын иргэдийн газар хөдлөлтийн аюулаас хамгаалах нэгдсэн дадлага, Орон нутгийн удирдлагын үүссэн цагийн байдал дээр ажиллах арга зүй, чадварын сайжралт зэргийг харгалзан үзэж “Дүүрэн хангалттай“ гэж үнэллээ.




