Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, спортын хорооны барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн ажлын нэг үргэлжлэл нь “Аврагч” биеийн тамир, спортын хорооны барилгын шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа энэ үйл ажиллагаа болж байна.

2009 оны 2 дугаар сард Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, ачаалал даах чадвар, хувийн болон албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Аврагч” биеийн тамир, спортын хороог байгуулж байсан.
Байгуулагдсанаас хойшхи хугацаанд тус спорт хорооны тамирчин дээд дэслэгч Д.Батболд 2009 оны үндэсний их баяр наадмаар амжилттай сайн барилдаж Монгол Улсын харцага цол, шадар дэслэгч Д.Төмөрхүлэг Франц улсад зохиогдсон жү-до бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 2 дахь мөнгөн медаль, Австри, Солонгос улсад зохион байгуулагдсан дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль, шадар түрүүч Б.Бат-эрдэнэ жү-до бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2010 оны улсын аварга шалгаруулах самбо, жү-до бөхийн тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж сайхан амжилт гаргалаа.

2009, 2010 онд “Аврагч” спорт хорооны баг тамирчид олон улсын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 10 гаруй алтан медаль, мөн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн 2 жил дараалан түрүүлж алтан медаль авсан нь Онцгой байдлын албанд биеийн тамир, спорт хөгжих их боломж байгааг харуулж байна хэмээн уг ёслолын ажиллагаанд оролцсон Монгол Улсын Шадар сайд М.Энхболд онцолж байсан.

“Аврагч” биеийн тамир, спортын хорооны иж бүрэн барилгын ажил нь улсын төсвийн 1 тэрбум 43,7 сая төгрөгийн төсөвт өртгөөр бүтээн байгуулах ба энэ онд төсвийн хөрөнгөөр эхний ээлжийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж тендерт “Синчи ойл” компани шалгарч барилгын ажлыг гүйцэтгэхээр боллоо.
Энэхүү барилга байгууламж нь бусад спорт хороодын барилгаас ялгарах онцлог нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн тэмцээн зохион байгуулах 4 давхар цамхагтай, автомашины зогсоол бүхий зоорийн давхар, албан өрөө, бэлтгэлийн танхим бүхий 3 давхар конторын барилга, 36х24 м-ийн харьцаатай спорт заалын хэсгээс бүрдэх бөгөөд 1834 м2 ашигтай талбайтай, блок болон тоосгоос бүрдэх 48 см-ийн ханатай цутгамал карказан барилга бөгөөд бие бүрэлдэхүүний хувцас солих өрөө, багш нарын өрөө, албан тасалгаа, бэлтгэлийн танхимууд, амралтын өрөө, тусгай болон ариун цэврийн өрөөнөөс бүрдэх бөгөөд объект ашиглалтад орсноор албан хаагчдын бие бялдрын хөгжил, бэлтгэл, бэлэн байдал дээшилж, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бүхий л бололцоогоор хангагдах юм байна.
Цаашид Засгийн газраас Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд анхаарч 2010, 2011 онуудад Улаанбаатар хот болон Дорноговь аймагт аврах, гал унтраах 3 ангийн иж бүрэн цогцолбор барилгыг барихаар төлөвлөж байна.
Тамгын газар




