Онцгой Байдлын Ерөнхий газар

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах
Нүүр Мэдээ мэдээлэл Онцгой байдлын албаны гурван үеийн чуулга уулзалт өндөрлөлөө

Онцгой байдлын албаны гурван үеийн чуулга уулзалт өндөрлөлөө

Хэвлэх PDF

Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 6 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Гурван үеийн чуулга уулзалтыг 2010 оны 06 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд нийслэл хотноо амжилттай зохион байгууллаа.

Олон улсын жишигт нийцсэн Онцгой байдлын албаны үндэс суурийг тавьж, тулгын чулууг босголцсон ахмад үеийнхний хийж бүтээсэн  их үйл хэргийг залуу хойч үедээ өвлүүлэх, Онцгой байдлын албаны өнөөгийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх, харилцан туршлага судлах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чуулга уулзалтын зорилго оршсон юм.

Тус байгууллагын тулгын гурван чулуу болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага, Улсын иргэний хамгаалалт, Улсын нөөцийн байгууллагаууд нь   өөр өөрсдийн олон жилийн баялаг түүх уламжлал, байгуулсан  гавъяа бүтээлээр арвин юм. 

Аймаг тус бүрээс гурван үеийг төлөөлсөн төлөөлөгчид оролцсон бөгөөд ажил албаараа шалгарсан тэргүүний  шилдэг албан хаагчид, гадаад, дотоодын академид суралцагсад, ахмад настнууд, шинэ залуу албан хаагчид, удам дамжсан албан хаагчид, офицер, түрүүчийн гэр бүл, гамшгаас хамгаалах улсын албадын ажил хариуцсан мэргэжилтэн, сургуулийн сурагчид, иргэдийн 160 төлөөлөл тус чуулга уулзалтад хамрагдлаа.

Чуулга уулзалтад оролцогсод Онцгой байдлын албаны түүхэн замналын музейн шав тавих ёслолд оролцож, 14 дүгээр гал унтраах анги, Аврах тусгай анги, Гамшиг судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан.

Чуулга уулзалтын үеэр гал унтраах техникийн олон төрөлт спортын 2010 оны УАШТэмцээн давхцсан бөгөөд чуулганы төлөөлөгчид ч тэмцээний мэргэн шүүгч, үзэгч нь байсан юм.

Мөн ахмад залуу үеийн төлөөлөл болсон чуулганы төлөөлөгчид харилцан туршлага солилцож “Монгол оронд тохиолдож буй байгалийн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаа”, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь”,  “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт”,  Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох” зэрэг сэдвээр салбар хуралдаануудад идэвхтэй оролцон үнэтэй санал бодлоо илэрхийлж,  улмаар чуулганы төгсгөлд зөвлөмж гаргалаа.